Соёлын- II довтолгоог эхлүүлье!
Юун соёлын довтолгоо вэ? гэж үү. Орчин үеийн залуус төдийлөн сайн мэдэхгүй. Харин тэдний аав, ээж, өвөө, эмээ андахгүй. XX зууны эхэн үеийг хүртэл монголчууд суурин соёл иргэншлээс ангид байсан. Нүүдэлчний соёл, амьдрах арга ухаанаас илүүг тэднээс шаардаж байгаагүй биз. Харин 1950-1960-аад онд суурин иргэншлийн соёлын довтолгооныг улс даяар эхлүүлсэн түүхтэй. Энэ кампанит ажлын үеэр айл бүрийг саван, сойз, оо, гар нүүрийн болон амны алчуур хэрэглэхэд сургасан гэдэг. Савангаар гараа угаадаг, цагаан даавуунд орж унтдаг, шүлс, нус цэрээ хаа таарсан газраа хаяж болохгүйг монголчууд соёлын довтолгооноос ойлгосон. Хувийн ариун цэврийг сахихад сургахын хажуугаар эрүүл мэндээ хамгаалах, спортоор хичээллэх, бичиг үсэгт суралцуулах хүртэл олон ажлыг ухуулан сэнхрүүлэх, албадан захиргаадах аргыг хослуулж үр дүнд хүрснийг бид мэднэ.Тухайн үед хөдөөгийн айлуудад зуух гэж байсангүй. Тулганд галаа түлнэ. Утаа униар баагиж байгаа эсгий гэрийн дотор тал тас хар байх нь мэдээж.
Өнөөх хар унийг нь соёлын довтолгооныхон угаалгаж байсан юм билээ. “Буян арилна” гээд тэр бүр хөдөлдөггүй байсан тухай соёлын довтолгоонд “дайруулж” явсан манай ахмад багш надад сонирхуулав. Намын төв хорооноос тусгай комисс гаргаад “айлгаж” байсан учир даалгаврыг биелүүлэхээс аргагүй.Орчин үеийнхэнд энэ дурсамж харанхуй бүдүүлгийн туйл, бохир заваан мэт санагдаж болох ч үнэндээ бид түүнээс дор болчихоод байна.
Иргэдийн маань биеэ авч явах соёл дөрөө харших тэрхүү чимээнээс хол хоцрох болов. Соёлжсон нийгэмд соёлын довтолгоон дахин өрнүүлэх шаардлагатай байгаагийн шалтгаан энэ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам сүрхий өслөө. Хөдөөд ажил олдохгүй, ган, зуднаар малаа алдаж хотоо харлуулсан улс төв бараадаж нийслэлийн хүн амыг механикаар өсгөсөн. Хүн ам өсөхийн хэрээр хотын наад захын соёл мэддэггүй “бүдүүлэгчүүд” олшров. Соёлтой хүн ямарч гэсэн гудамжинд нусаа нийхгүй, хаа таарсан газраа морь харахгүй, тамхины иш, идсэн чихрийнхээ цаасыг хандсан тийш нь хаяхгүй. Тэгвэл ийм эрээ цээргүй, болхи бүдүүлэг хүмүүс хотоор дүүрэв. Гудамжаар зөрж байхад шүлсээ хаяна, урдаас нь хүн ирж явахад улаан цайм цэрээ хаяна. Булан тохой хаа дуртай газартаа хүндээр бие засахаа ч ядахгүй. Энэ чинь орчин бохирдуулахаас гадна олон төрлийн халдварт өвчин үүсгэгч шүү дээ. Хотын төвийн явган хүний цардмал замуудын завааныг яана гээч. Илэрхий хогийг нь ТҮК-ийнхан цэвэрлэчихнэ. Харин шүлс энэ тэрийг нь яалтай ч билээ. Хотын төвийн бараан дүр төрх ийм. Захын гэр хорооллынх бол авах юмгүй шүү дээ. Хог, угаадас үнсээ хашаанаасаа гаргаад л асгана. Булан тохой газартаа хогон овоо босгосон байдаг. Тэр хог хаягдал нь дулааны улиралд ялзарч бактерийн бохирдол үүсгэдгийг гадарладаг баймаар юм даа. Хот гэдэг хөдөөгийн нэг баг биш шүү дээ. Олон хүн амьдарч байгааг ухаарч соёлтой аж төрмөөр байх юм. Улс орон гэдэг гэр орон буюу. Бид бага гэрийнхээ хогийг их гэртээ хаядаг. Ингэснээр хашаанаасаа зайлуулж байгаагаас биш бохир агаараар нь амьсгалж өөрийгөө хордуулж байна. Монгол Улсын хамгийн бохир заваан газар Улаанбаатар хот боллоо. Агаарын бохирдол, хог хаягдал, хулгай дээрэм гээд муу муухай бүхэн улсын маань нийслэлд үүрлэжээ.
Аймгийн төвүүд рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгаа. Гэхдээ ямартай ч хотоос дээр байж таарна. Ийм үзүүлэлтээр нь сумын төвийг ариухан гээд нэрлэхэд болох байх. Хотод амьдрахын тулд эрх чөлөөгөө тодорхой хэмжээгээр хязгаарлуулна. Тэр нь Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашигт харшлахгүй л бол хотын дүрэм журамд захирагдаж амьдрах учиртай. Социализмын үеийн соёлын довтолгоо хотынхныг ч иргэншилд сургасан. 500-600 мянган хүн амтай Улаанбаатар ямар цэвэрхэн, иргэд хэчнээн соёлтой байсан нь тухайн үеийн уран сайхны киноноос ч харагддаг. Нийслэл хот гэдэг улс орны нүүр царай. Тиймээс улс орнууд хотын соёл, тохижилтдоо сүрхий анхаардаг. Нийслэлдээ шилжин ирэгсдэд тодорхой шалгуур тавьдаг, хөрөнгийн баталгааг нь харж үздэг юм билээ. Манай улсад амьдрах газар нутгаа өөрөө сонгох дархан эрхийг нь Үндсэн хуулиар олгосон. Гэхдээ хотын иргэн болсны хувьд онцгой үүрэг хүлээх хэрэгтэй. 2002 оноос өмнө хотод шилжин ирэхэд нэг хүнээс 50, хүүхдээс 26 мянган төгрөгийн татвар авдаг байсныг санаж байна. Татвараа төлөөд л хотын иргэний үнэмлэхээ авч болоод байсан. Харамсалтай нь Улсын Их Хурлын сонгуулийн өмнө үүнийг цуцалсан. Эрх баригчид иргэдэд таалагдах гэж ийм шийдвэр аргаснаас хойш хот руу чиглэсэн их нүүдэл өөд уруугүй, өдөр шөнөгүй цувсан даа. Хаалга цуургагүй айл шиг л замбараагаа алдсан. Үүнтэй зэрэгцээд иргэд нь ч дураараа дургиж хэн дуртай нь хүссэнээхийх болов. Улаанбаатар 100 хүрэхгүй өрхтэй хөдөөгийн баг биш гэдгийг ухамсарлаж, соёлтой амьдарцгаая. Ийм эмх замбараагүй хотыг цэгцэлж, иргэдийг нь соёлжуулах цаг иржээ. Хотын иргэн бүр үүрэг хариуцлага хүлээдэг болъё. Хотын хүн болсныхоо төлөө тодорхой хэмжээний татвар төлөхөд ч буруудахгүй. Татвараар хуримтлагдсан мөнгийг хотоо хөгжүүлэхэд зориулахын буруу юу байна вэ. Хотоо тохижуулж, хотын иргэдийн соёлд суралцахад нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын үүрэг их. Атрын-III аян өрнүүлж гурилынхаа хэрэгцээг хангасан шиг соёлын довтолгоон өрнүүлж нийслэлчүүдээ хотын соёлд сургая. Социализмын үед оо, саван хэрэглэхийг ухуулдаг байсан бол одоо ядаж шүлс, нусаа хандсан газартаа хаяхаа болъё. Хог, угаадсаа гудамжинд асгаж болохгүй гэх мэтээр ухуулж эхэлбэл ямар вэ?