Улсын Газарзүйн XVIII олимпиад боллоо.
МУИС байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит Улсын Газарзүйн 18-р олимпиад 2012 оны 5 сарын 9-12-ны өдрүүдэд МУИС-ийн Газарзүй Геологийн Сургууль дээр амжилттай боллоо. Уг олимпиадыг БСШУЯ, МУИС, Газарзүй Геологийн Сургууль, МУБИС, Улсын Газарзүйн Олимпиад зохион байгуулах хороо, Монголын газарзүйн нийгэмлэг, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Нийслэл, 21аймгаас шалгарсан багш, сурагчдын дунд онолын болон дадлагын тэмцээнийг явуулснаас сурагчдын 1-р байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ө.Гончигжав, 2-р байрыг УБ хотын Хан-Уул дүүргийн Сант сургуулийн сурагч Б.Булган, БЗД-ийн 79-р сургуулийн сурагч Л.Жавзанпүрэв нар, 3-р байрыг Завхан аймгийн Улиастай хотын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ц.Пүрэвдорж, УБ хот БЗД-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн сурагч М.Пүрэвсүрэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг нар шалгарлаа.
Багш нарын тэмцээнд нийт 25 багш оролцсоноос 1-р байрыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн багш Б.Алтансүх, 2-р байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш А.Сансартуяа, 3-р байрыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р сургуулийн багш Б.Түвшинтөгс нар эзэллээ.
Энэ жилийн олимпиад нь МУИС байгуулагдсаны 70 жилийн ой, МУИС-ийн Газарзүйн тэнхмийн анхны эрхлэгч, нэрт газарзүйч, академич Ш.Цэгмидийн мэндэлсний 90 жил, МУИС-ийн Газарзүйн тэнхим байгуулагдсаны 56 жилийн ой, ШУА-ийн Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм.
Дашрамд дурьдахад улсын газарзүйн олимпиадад эхний 3 байр эзэлсэн 6 сурагч төрийн ба хувийн хэвшлийн их дээд сургуулиудад элсэн суралцах урилга, сургалтын төлбөрөөс хөнгөлөх эрхээр шагнадаг уламжлалтай.